Зорилго: Цахим сүлжээний орчинд гарч буй сөрөг үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн үнэн бодит байдалд дүгнэлт хийх чадварыг хөгжүүлэх

Зорилтот бүлэг: Бүх багш, удирдах болон бусад ажилтнууд

Товч танилцуулга

Өмнө нь мэдээллийг бэлтгэн нийтлэгч нь зөвхөн уламжлалт мэдээллийн хэрэгслүүд (телевиз, радио, сонин, сэтгүүл…) байсан бөгөөд мэдээллийн эх сурвалж, үнэн бодит байдалд хяналт тавих бололцоотой байв. Гэвч ойрын жилүүдэд интернэт, нийгмийн сүлжээ, ухаалаг гар утасны хэрэглээ үсрэнгүй хөгжсөнөөр мэдээллийг бэлтгэн дамжуулах, хүлээн авах үйл ажиллагаа, харилцаа, зан үйл бүхэлдээ хурдацтай өөрчлөгдөж, мэдээллийн эх сурвалж, үнэн бодит байдалд хяналт тавих боломж хязгаарлагдмал болж байна. Үүнийг дагаад сөрөг үзэгдлүүд (хуурамч мэдээлэл, гуйвуулсан мэдээлэл, хуурамч хаягууд, үзэн ядалтыг дэвэргэх, цахим дарамт г.м) олноор гарах болжээ. Эдгээрээс сэргийлэхийн тулд дэлхий нийт “Хэвлэл мэдээллийн бичиг үсэг тайлагдалт”-д онцгой анхаарлаа хандуулж байна.

Энэхүү курсыг судалснаар “Хэвлэл мэдээллийн бичиг үсэг тайлагдалт”-ын талаар мэдлэгээ нэмэгдүүлж, цахим сүлжээний орчинд гарч буй сөрөг үзэгдлүүдээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн үнэн бодит байдалд дүгнэлт хийх чадварыг хөгжүүлэх юм.